Friday, January 29, 2016

ОНГИ ГОЛ хэмээх нэрийн учир

Өвөрхангай аймгийн Уянга сумаас баруун хойш 5 км -т орших Гүнтийн гарам гэдэг газарт өргөн нь 60 см, өндөр нь 70 см цоорхой чулуу байдаг. Түүнийг Онги гэдэг. Энэ чулууны нэрээр манай нутгийн голыг Онги гэж нэрлэсэн гэлцдэг. Мөн Онгон (ариун, дагшин) гол гэдэгээс үүдэлтэй гэцгээх нь ч бий. Энэ гол цааш урссаар Өвөрхангай аймгийн Тарагт, Зүүн баян-Улаан, Арвай хээр, Баянгол, Дундговь аймгийн Сайхан- Овоо, Өмнөговь аймгийн Мандал -Овоо сумын нутгийн хүн амьтныг ундаалж тэжээн тэтгэж байдаг. 

Онги Голынхон Хөдөлгөөн анх 2001 оны 10 дугаар сарын 19 -нд нутгийн малчидын санаачлага, цаг үеийн шаардлагаар албан ёсоор байгуулагдсанаас хойш даруй 15 жилийг ардаа орхижээ. Бид энэ хугацаанд хамтын хүчээр олон ч зүйлийг байгаль эх, гол усныхаа төлөө хийж, янз бүрийн саад бэрхшээлтэй нүүр тулж мөн олон түмнийхээ сайшаал ерөөлийг хүртсээр ирлээ. 
Бид анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн уйгагүй судалж хөөцөлдсөний үр дүнд 2009 оны 7 сарын 16-нд "ГОЛ МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛТ ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ" хуулийг УИХ-аар батлуулсан. Энэ зөвхөн манай хөдөлгөөний үйл хэрэг байсангүй. Энэ бол Монгол Улсын иргэд, малчид, үр хойчис цаашлаад байгаль эх дэлхийгээ хайрлах сэтгэлтэй хүн бүхний үйл хэрэг байсан юм. Бидэнд дотоодын байгууллага хувь хүмүүс, эрхэм гишүүд, сэтгүүлчид, үндэсний сэхээтнүүд, энгийн иргэд, малчид гээд одоо энд нэрийг дурдвал их л олон хуудас авахаар их дэмжлэг туслалцаа байсан, байсаар байх болно. Түүнчлэн гадаадын сэтгүүлч, эрдэмтэд, байгууллагууд тусалж дэмжиж хамтарч ажилласаар байна.

Бидний сүүлийн 15 жилд хийсэн ажил хууль батлуулахаар зогссонгүй. Бид байгаль эхийнхээ төлөө бодитой ажил хийхийг зорьдог. Тухайлбал: 
Онги голын сав дагуу Чацарганы бут тарих ажлыг 4 га газарт анх эхлүүлж байлаа. Онги голын эхэнд Бороо оруулах, хур нэмэгдүүлэх төслийг мөн л эхлүүлж байлаа. Сумын ЕБС-д 3-6 дугаар ангийн сурагчид болон 7-9 дүгээр ангийн сурагчидад зориулсан "Онги Гол - Нүүдэлчдийн Соёл" нэртэй сурах бичгийг 2010 ба 2011 онуудад хэвлэн гаргаж өдгөө нутгийн хүүхэд багачууд уг номоор дамжуулан гол усны тухай түүх домгоос авахуулаад шинжлэх ухааны ойлголттой болж нүүдэлчин ахуй амьдралын онцлогтой танилцаж байна. Түүнчлэн 2011 оны зунаас эхлэн Японы аялагч залуучууд бидний зохион байгуулж буй "Онги гол -Нүүдэлчин аялал" -д явсаар 2016 онтой золголоо.

 Бид өнгөрсөн 15 жилд чамлахааргүй ажлын ард гарсан ч бидний үйл хэрэг дундрах болоогүй байна. Бидэнд хийхээр төлөвлөсөн, шулуудсан ажил их байна. 

2016 онд бид өмнөх ажлуудаа үргэлжлүүлэн хийхээр зорьж байна. 
Ингээд нийт дэмжигчид, монголын ард түмэндээ цахим ертөнцөөр дамжуулан мэнд хүргэе. Энэхүү блогоор бид өөрсдийн мэдээллийг албан ёсоор хүргэж байх болно. 




No comments:

Post a Comment